Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төсөл
Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо (МӨАУМХ) нь хүн амын эрүүл мэндийн талаар төрөөс баримталж байгаа бодлогыг хэрэгжүүлэхэд өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-ийн үйл ажиллагааг идэвхжүүлж, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, чирэгдэлгүй үзүүлэхэд нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Түүнчлэн, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилгоор ажлын байрны тасралтгүй сургалт, уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулж тэдэнд хүрч очсон олон ажлуудыг санаачлан төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.
Хүн амд хамгийн ойрхон байрлаж, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг ӨЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүдийг сүрьеэгийн тусламж үйлчилгээнд идэвхитэй оролцуулж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, иргэдэд тусламж үйлчилгээг ойртуулах, чирэгдлийг багасгах нь ДЭМБ-аас дэвшүүлсэн тогтвортой хөгжлийн эрин үед Сүрьеэ өвчнийг устгах, бүх нийтийг эрүүл мэндийн тусламжид хамруулан, хэнийг ч орхигдуулахгүй байх зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төслийн хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвд сүрьеэгийн цогц тусламж үйлчилгээг үзүүлэх үйл ажиллагааг 2008 оноос үе шаттайгаар зохион байгуулж 2020 онд 21 аймаг, 8 дүүргийн 225 ӨЭМТ-ийг бүрэн хамруулж сүрьеэгийн тусламж үйлчилгээг үзүүлж хэвшээд байна.